4/01/2008
ШҮД ЭРҮҮЛ БОЛ ЗУС САЙХАН БАС БИЕ ЭРҮҮЛ
ШҮД ЭРҮҮЛ БОЛ ЗУС САЙХАН БАС БИЕ ЭРҮҮЛ
"Амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт өдөрлөг өчигдөр жанжны талбайд боллоо. Монголын шүдний холбоо, ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургууль хамтран зохион байгуулсан энэ өдөрлөгт улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд эмчилгээ, оношлогооны орчин үеийн аргыг сурталчиллаа.
Мөн үзлэг хийж, шүдээ хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм. Амны хөндийн эрүүл ахуйг хамгаалах бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд бараагаа сурталчлахаа ч мартаагүй.
Японы Токушимагийн их сургуулийн профессор, Дэлхийн шүдний холбооны шилдэг эмч Мизуно Нишино шүдээ хамгаалах талаар зөвлөж байна. Хүүхдийн шүдний эмчилгээгээр мэргэшсэн тэрбээр манай улсад хоёр жил ажиллах томилолттой иржээ.
Сүүн шүд эрүүл бол...
Монголд бага насны хүүхдүүдэд сүүн шүдний цоорол өвчин элбэг байдаг. Харин япон хүүхэд багачуулын дунд энэ өвчин маш бага. Японы эмч нар эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ сүүн шүдийг хамгаалах сургалт явуулдаг. Байнгын шүд ямар байхыг сүүн шүд л тодорхойлдог. "Ууган" шүд эрүүл байвал байнгын шүдний буруу зуулт, бөөгнөрөл, гажгаас хамгаалдаг юм.
Чихэрлэг зүйл их хэрэглэх нь шүдэнд халтайг хүн бүр мэддэг ч үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлдэггүй. Сүүн шүд солигддог учир түр зуурынх гэсэн ташаа ойлголт олон хүнд байдаг.
Хүүхдийн сүүн шүд цоорсон бол байнгын шүдний бүрэлдэж байгаа хэсгийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, өнгө ньхувирах, буруу зуулттай болох хортой. Мөн бусад эрхтэн системийг ч өвчлүүлж болно. Сүүн шүдний цоорол байнгын шүдний эрүүл ахуйд нөлөөлдгийг мартаж болохгүй. Тиймээс шүд цоорсон бол яаралтай эмчлүүлээрэй. Цоорол эхний шатандаа байвал зогсоох боломжтой. Харин сувагтаа ортлоо гэмтсэн бол сувгаар дамжиж байнгын шүдийг гэмтээхээс сэргийлэх эмчилгээ хийнэ.
Гажгийг нь засахад амархан
Нэг дор бөөгнөрсөн, наана наана ургасан болон хөрөөний ир шиг урт, богино шүд, буруу зуултыг засаж болно. Гажгийг эрт эмчлүүлэх хэрэгтэй. Ийм эмчилгээг хийхийн өмнө шүдний цоорлыг бүрэн эрүүлжүүлэх шаардлагатай. Эрүүл шүдэнд л гажиг засах эмчилгээ хийнэ. Нэг хэсэг бөөгнөрч ургасан шүд байдаг, шүдний бөөгнөрөл гүйцэд цэвэрлэгддэггүй учир цоорч болно. Байнгын шүд цоороогүй байсан ч анатомийн хэлбэрээс шалтгаалж буруу зуулттай болж болно. Жишээ нь эрүү нь жижиг, том шүдтэй хүүхэд буруу зуулттай болдог. Шүдний гажиг засах зэмсэг Монголд элбэг болсон. Ийм аппаратыг Монголын эмнэлгүүд 500-600 мянган төгрөгөөр суулгаж байгаа.
Энэ эдийг ямар хугацаанд зүүх нь тухайн хүний наснаас хамаарна. Гажиг засах эмчилгээ хийхийн өмнө дэлгэмэл рентген зураг авахуулаарай. Эрүү нүүрний орчмын бүх төрлийн оношлогоо хийдэг ийм аппарат Монголд цөөн байдгийн нэг нь ЭМШУИС-ийн дэргэдэх Нүүр, ам судлалын сургуульд бий.
Шүд шарлах олон шалтгаан бий
Шүд шарлах олон шалтгаан байж болно. Ундны усны фторын хэмжээ их байвал шүд шарлаж плюроз өвчин үүсгэдэг. Энэ өвчин сүүн биш байнгын шүдэнд илэрнэ. Мөн жирэмсэн байхдаа титрациклин их уувал хүүхдийнх нь шүдний хэлбэр өөрчлөгдөж, өнгө хувирдгийг санаж байхад илүүдэхгүй. Үүнээс гадна титрациклин сүүн болон байнгын шүдний өнгийг өөрчилдөг. Шар шүдийг хуванцар, шаазан нүүрэвчээр өнгөлж болно. Мөн цайруулах эмчилгээ хийж болно. Гэхдээ цайруулах эмчилгээ шүдний хатуу эдийг сийрэгжүүлдэг. Энэ эмчилгээ хийлгэвэл 2-3 жил болоод дахиад өнгө нь өөрчлөгддөг учир хүн бүрт хийдэггүй. Шүдний эмчид үзүүлж байгаад шийдэх хэрэгтэй.
Нүд, шүд нь гялалзаж байвал хамгийн сайхан
Манай эмнэлэгүүдэд шүд цоорохоос хамгаалах түрхлэг түрхдэг болсон. Багагүй өртөгтэй энэ түрхлэг хэрэглэсэн ч шүд цоорсон байдаг. Нүд, шүд нь гялалзаж байвал хамгийн сайхан хүн гэсэн шалгуур байдаг. АНУ-д хүнийг ажилд авахдаа шүдийг нь хардаг. Шүдээ янзлуулаагүй хүнийг арчаагүй, үүнээсээ болж ажилд тасалж болно гэж үзэх нь бий.
Диамин, мөнгөний плорид нэртэй химийн бодис шүд хорхойтохоос хамгаална. Мөнгө, фтор агуулсан энэ хамгаалагч бодис цоорол дөнгөж эхний шатанд байгаа буюу хатуу эдэд өөрчлөлт орохоос өмнө зогсоодог. Хар өнгөтэй энэ бодис байнгын шүдийг харлуулдаг учир зөвхөн сүүн шүдэнд түрхэнэ. /Энэ сэдвээр тэр судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан юм билээ/ Эрүүл шүдтэй хүний цоорлыг хамгаалах зорилгоор натри фторыг сүүн болон байнгын шүдэнд түрхэж болно. Цайвар өнгөтэй энэ түрхлэг шүдийг цоорохоос гурван сарын турш хамгаалдаг. Ийм түрхлэг түрхсэн гээд чихэрлэг зүйл их хэрэглэж, шүдээ угаахгүй явбал үр дүнгүй. Харин шүдээ тогтмол угааж амттан бага хэрэглэвэл натри фторын түрхлэг ач тусаа өгнө.
Хүүхдээ гурван сар, удлаа гэхэд зургаан сар тутамд эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шүд солигдож байдаг учир эмчид тогтмол үзүүлж байх нь чухал. АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хүүхдүүд тогтмол Шүдний эмчид үзүүлж байдаг. Гэхдээ тэд өвдөөд биш эрүүл байхдаа очдогоороо монголчуудаас ялгаатай. Эмчийн хяналтад байвал буйлны үрэвсэл, буруу зуулт, тулгуур эдийн өөрчлөлт зэрэг эмгэгээс сэргийлж чадна.
Эвгүй үнэр ханхлаад байна уу
Шүд цоороогүй хэр нь амнаас эвгүй үнэр ханхлаад байх юм гэж ярих хүн бий.
Ходоод, гэдэсний өвчтэй хүний амнаас эвгүй үнэр ханхалдаг. Үүнээс гадна хамрын үрэвслээс болж болно. Мөн тулгуур эдийн өвчтэй хүний шүд эрүүл байлаа ч амнаас эвгүй үнэр үнэртдэг. Тэгэхээр иж бүрэн эмчилгээ шаардлагатай.
Эхлээд шүдний эмчид очих нь зөв, Шүд чинь эрүүл бол эмч чих, хамар, хоолойн болон шаардлагатай эмчид үзүүлэхийг зөвлөнө.
Нүүрний гажиг засахад нас оройтохгүй
Буруу зуулт, наана цаана ургасан шүд эрүү нүүрний зөв харьцааг алдуулдаг. Нүүрний гажиг төрөлхийн байж ч болно. Гажгийг эмчлүүлбэл царай тэгшрээд зогсохгүй, өөртөө итгэлтэй болж нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд хялбар болно. Гажиг заслын эмчилгээг бүх насныхан хийлгэж болдог. Энэ эмчилгээг өсвөр насныхан хийлгэдэг байсан бол одоо 20-30 настай, түүнээс ахмад хүн ч эмчлүүлж байна. Шилжилтийн насныхны яс уян хатан учир гажиг нь амархан засардаг. Харин насанд хүрэгчдийн яс бэхэжсэн байдаг учир урт хугацаа шаардлагатай. Эмчилгээний үр дүнд насны ялгаа байхгүй. Ямар гажиг байхаас хамаарч эмчлэгдэх хугацаа нь харилцан адилгүй.
Өөрийнх юм шиг хиймэл шүд
ЭМШУИС-ийн дэргэдэх Нүүр, ам судлалын сургуулийнхан хиймэл шүд суулгах орчин үеийн технологи нэвтрүүлснээ өчигдөр болсон өдөрлөгийн үеэр танилцуулсан. Энэ нь шүдгүй буйланд титан гол суулгаад, дээр нь шүд наах арга. Хиймэл шүдээ авч тавиад, хүүхэд айлгаад байхгүй, нэг л суулгасан бол дахин солих шаардлагагүй. "Имплантыг буйланд 8-14 мм-ийн гүн суулгадаг. Буйланд суулгасан титан эд нөхөн төлжиж юм хазахад ачаалал даах чадвартай болсон хойно нь шүд наадаг" гэж тус сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхимийн багш Ш.Даваахүү тайлбарлалаа. Нэг шүд суулгахад 100-120 мянган төгрөгийн үнэтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment